by

Угаах


Арилгахад хэцүү бохирдол толбо үүсээгүй л бол ноос ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнийг заавал хуурай хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй ба гараар угааж цэвэрлэж болно. Угаалгын машинд угааж болохгүй. Ноос ноолууран хувцсыг зөвхөн хүйтэн бүлээн усанд угааж, хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй. Халуун ус агшааж эсгийрүүлдэг. Эхлээд хувцасны гадар өнгийг дотогш эргүүлж, ноос ноолуур угаах зориулалтын угаалгын бодис уусгасан хүйтэн бүлээн усанд бага зэрэг дэвтээгээд, хир буртгийг арилтал зөөлөн базаж угаана. Ингэхдээ ханцуйн үзүүр, зах зэрэг бохирдолт ихтэй хэсгүүдийг зөөлөн үрж хирийг арилгана. Нягтрал үүсдэг тул усанд удаан дэвтээх болон хүчтэй үрж мушгиж болохгүй.

Усаар зайлах


Угааж дууссаны дараа бөөгнөрүүлэн базаж уснаас гаргаад, хүйтэвтэр цэвэр усанд хийж хэд хэдэн удаа зөөлөн булхаж зайлна. Үүний дараа сэгсэрч, мушгихгүйгээр зөөлөн базаж усыг шавхана. Мөн дэлгэж тавьсан цэвэр алчуураар үлдэгдэл усыг шингээж авч болно. Эсвэл угаалгын машины сэгсрэгчид хэлбэрийг нь алдагдуулахгүйн тулд даавуун алчууранд боож хийгээд болгоомжтой сэгсэрч усыг шавхаж болно. Нойтон ноос, ноолууран хувцсыг сунахаас сэргийлж бүхэлд нь бөөгнөрүүлж гараараа барих хэрэгтэй. Аль нэг хэсгээс нь унжуулан барьж сунгаж болохгүй.

Толбо арилгах Хүйтэн ус. Толбо болгосон бол тэр дор нь хүйтэн усаар зайлах хэрэгтэй. Халуун ус нь эсрэгээрээ толбыг бэхжүүлдэг. Хими цэвэрлэгээ. Угаахад арилахгүй толбыг толбо арилгагчаар цэвэрлэж болох ч мэргэжлийн хуурай хими цэвэрлэгээнд өгөхийг зөвлөж байна.

Хадгалах


Хадгалахаасаа өмнө үргэлж цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь цагаан эрвээхий зэрэг шавьж нь бохир ширхэгт рүү татагдан хир толботой хэсгийг түрүүлж иддэг.

Шаариглалт


Сайн чанарын түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн шаариглах нь бага байдаг. Гэсэн ч ноос ноолууран хувцасыг өмсөж эдлэх явцад тодорхой хэмжээнд үрэгдэж, шааригладаг. Шинээр нь угаах буюу гадарга дээрхи богино сул ширхэгтүүдийг салгаж өмсөх нь шаариглахаас урьдчилан сэргийлэх сайн талтай. Ноос, ноолууран хувцсыг гогцоо дэгээтэй гоёл чимэглэл, цүнх зэрэг үрэгдэх зүйлсээс хол байлгах хэрэгтэй. Мөн гадуур нь цахилгаанждаг синтетик материалтай хувцас өмсөх нь шаариглуулах муу нөлөөтэй байдаг.Нэгэнт үүссэн шаариглалтыг зориулалтын машинаар, байдлаар цаг тухай бүрт нь цэвэрлэнэ.


Эрэгтэй
Дэлгэрэнгүй
Эмэгтэй
Дэлгэрэнгүй
Хэрэглэл
Дэлгэрэнгүй
Хүүхэд
Дэлгэрэнгүй
Гэр ахуй
Дэлгэрэнгүй
Мэдээ